Thursday, October 1, 2009

Нэгэн эсээish...

Монголын Түүх дээр нэгэн даалгавар өгсөнийг өчигдөр орой хийлээ. Өнөөдөр багшид хураалгах ёстой. Өмнө нь эсээ бичээд ингэж таашаал, ханамж байсан удаагүй шиг санагдаад байна. Яагаад ч юм нэг л дажгүй болчихсон юм шиг санагдаад та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Гайхуулж байгаа юм биш шүү, зүгээр ингэмээр санагдаад... Ойлгоно биз дээ :D

Түүх судлахын ач холбогдол?

Би нэг өдөр тв-р Алцгаймерийн өвчтэй нэгэн өвчтөний өдөр тутмын амьдралыг харуулсан баримтат киног үзсэн юм. Тэр өвчтөн өөрийн юу дөнгөж хийсэн, юу хийж байгаа, юу хийх гэж буйгаа байнга тэмдэглэдэг, тэр ч бүү хэл өөрийн нэр ус, нас зэргийг тэмдэглэнэ гээч, учир нь гэвэл ойрийн санах ой нь гэмтсэн буюу Алцгаймер гэх аймшигт, эдгэрэшгүй өвчин туссан байсан юм. Юутай харамсалтай вэ, өнгөрснөө санахгүй, нүдээ хаагаад нээхэд л дэлхийд шинээр ирсэн мэт, дөнгөж мэндэлсэн хүүхэд шиг л, хоосон...


Тэр залуу яагаад бүх зүйлд тэмдэглэл хөтлөөд байгаа юм бол оо? Зүгээр л өдөр цаг, мөч хором бүрт шинээрээ байж болохгүй гэж үү? Өнгөрснөө мэдэх гэж тэгэж их мэрийж өөрийгөө зовоох хэрэг байна уу? ... Байгаа, мэдээж байгаа. Яагаад гэвэл тэр бол дөнгөж төрсөн ‘хүүхэд’ биш, олон жил сарыг элээсэн, түүх бичилцсэн хүн. Тэр өөрийгөө хэн бэ, хэн байсныг, хэн болохыг хүсэж байснаа мэдэх эрхтэй, мөн хэрэгтэй. Амьдралынхаа алдаа дутагдалыг дахин дахин давтахгүйн тулд, баяр жаргалаа эргэн дурсаж байхын тулд, өөрийн болон бусдын хийж бүтээсэн зүйлээр бахархахын тулд, ирээдүйгээ бас зөв бичихийн тулд түүнд өнгөрснөө мэдэх хэрэгтэй.

Бид зүгээр нэг өдөр ‘БИД’, тэд бас ‘ТЭД’ болчихгүй. Бид анх танилцсан хүнийг огт мэдэхгүй ч хэсэг хугацаа өнгөрөхөд тийм, ийм хүн юм байна гэсэн дүгнэлтэд хүрдэг ба энэ дүгнэлт бидний хувьд тэр хүнийг тодорхойлдог. Тэгэхээр нэг талаас биднийг тодорхойлох нэг хүчин зүйл бол бидний хийж бүтээсэн зүйлс юм. Нэгэн алдартай хүний хэлснээр “Маргааш юм уу ирээдүйн ‘би’ бол өнөөдөр би юу бүтээсэн тэр юм, өнөөдрийн ‘би’ бол өчигдөр юм уу өнгөрсөнд би юу бүтээсэн тэр юм.”

Бас нөгөө талаас бид, өнгөрсөнд өвөг дээдэс минь юуг хийж бүтээсэн, юуг даван туулснийг мэдэхгүйгээр өөрийгөө тийм ийм хүн гэж хэлэх нь утгагүй юм. Бидний судсаар өвөг дээдсийн цус гүйж л байгаа бол биднй толгойд, ой тойнд үүх түүх нь мөн урсаж л байх ёстой. Өвөг дээдсийнх ч гэлтгүй бүх дэлхийн түүхийг бүрэн дүүрэн мэддэггүй юмаа гэхэд ядаж томоохон үйл явлүүдийг мэддэг цухас мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрвээ үгүй бол бид хэн ч биш ба ‘сармагчин’* лугаа адил болох юм.

Түүх зөвхөн өөрөө өөрсдийгөө таниж мэдэхэд хэрэгтэй гэвэл бас өрөөсгөл. Ирээдүйд магадгүй юу болж болохыг тааж мэдэхэд мөн ашиглагдаж болно. Бид бүгдээрээ ‘хүн’ л юм хойно хүн болгон өөр зүйл хийнэ гэдэг юу л бол, тиймээс ч түүхийг бичдэг нь бид болохоор түүх давтагдах нь бий. Бас түүх ёс суртахуун, хуулийг бичэлцдэг юм учир нь тэд бүгд өнгөрсөн үйл явлуудаас ургаж гарсан асуудлууд байдаг. Гашуун сургамжтай түүх бидэнд юуг дахин давтаж болохгүйг заадаг (хамгийн ойрын жишээ бол дэлхийн II дайнд цэг тавилцсан Японы Нагасаки хотод хаясан цөмийн бөмбөг. Одоо Дэлхий даяар, тэр тусмаа Америк улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй гэж яаж тэмцэж байгаа билээ дээ. Энэ бол түүх, энэ бол сургамж). Эрэлхэг зоригтой түүх юу хийж болдогыг харуулдаг (бас нэгэн хамгийн ойрийн жишээ бол Энэтхэгийг олон зуун жилийн колониос тусгаар улс болгож чадсан Махатма Гандигийн хийсэн цусгүй хувьсгал. Энэ бол түүх, энэ бол баримт)... гэх мэтчилэн тоочвол цөөнгүйээ.

Эдгээрээс харахад бид түүхийг өөрсдөө бүтээж, түгээж, хэрэгжүүлж байдаг ба түүнийг судлахгүйгээр хэдийгээр амьд явж болох хэдий ч зөв амьдрая гэсэн хүний заавал үзэж судлах зүйлийн нэг бөлгөө. Ирээдүйд бид өөрсдөө түүх болчихсон судлагдаж байх болно шүү дээ!

*"Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" гэж хэн нэгэн хүн хэлсэн байдаг шиг санагдаж байна, хэнийг нь санадаггүйээ

Feel free to leave a comment.


6 comments:

Anonymous said...

Хичээлээс чөлөөлөгдсөн цагтаа эссэгээ нийтлээд л сууж байдаг юм байж ээ. Хэхэ. Түүхийн лекц дээр чинийхийг уншсан шүү. Минийх тийм ч сайн болоогүй ээ.

H.D.NR said...

ийм хүнийг багтаа байлгаж байгаадаа бахархаж байнаа.

astrea said...

Энийг дахиад жаахан боловсруулах, илүү serious илүү academic болговол тэгээд гараад өгчээ :)
draft нь юм болов уу гэж эргэлзүүлэх гээд байна шүү хэхэ

uundaa said...

...маш гоё бичлэг болжээ...үнэхээр гоё, магтаж хэлэх ч үг алга хэхэ!!!....

Zoog!! said...

гоё бичжээ... тэр сүүлийн үгийг чинь Инжинааш гэж хүн хэлсэн санагдаж байна

Boldbaatar Gankhuyag said...

Өнөөдөр чи бид хэн бэ мөн ирээдүйд хэн байх вэ гэдгийг ч өнгөрсөн маань их бага хэмжээгээр тодорхойлдог, үүний адилаар нийгэм улс орны, дэлхийн хэмжээнд түүх бол хүн болгоны байсан мөн байгаа амьдралын дуртатгалын цогц юм. Өөрөөр хэлбэл дэлхийн өнгөрсөн амьдрал агаад ирээдүйг тодорхойлогч нь түүх, гэсэн санааг олж харлаа

Post a Comment